Return   Facebook

The Universal House of Justice

Ridván 2013

To the Bahá’ís of the World

Dearly loved Friends,

1. “Бурханы Судар ном өргөн дэлгээстэй, Түүний Үг айлдвар хүн төрөлхтнийг Түүний зүг урин дуудаж байна.” Ийнхүү сэтгэл сэргээгч үгээр Эрхэм Дээд Бийр хүн төрөлхтөн нэгдэн нийлэх, хамтран чуулах өдөр айсуйг дүрсэлсэн юм. Бахаулла үргэлжлүүлэхдээ: “Аяа, Бурханы анд нөхөд өө, дэлхий ертөнцөд хэлмэгдсэн Түүний дуу хоолойг чих тавин сонсож, Түүний Үйл хэргийг өргөмжлөх тэр бүхнээс бат зуурагтун” хэмээсэн юм. Өөрийн дагалдагч нартаа Тэрээр цааш нь айлдан зөвлөсөн нь: “Туйлын эв найр, төгс нөхөрлөлийн үзэл санаагаар хамтдаа зөвлөлдөж, амьдралынхаа үнэт цагийг дэлхий ертөнцийн сайн сайхны төлөө, хамаг бүхний Өнө эртний эзэрхэг Эзэн тэнгэр болох Түүний Үйл хэргийг урагшлуулахын төлөө зориулагтун.”

2. Хайрт хамтран зүтгэгч нар аа. Ертөнц дэлхий даяар Бахауллагийн дуудлагад хариу барин та бүхний гаргаж буй үнэнч шургуу хүчин чармайлтыг харахуйд бидний ой ухаанд сэтгэлийг бадраасан энэхүү айлдвар өөрийн эрхгүй бууж ирэх юм. Түүний уриа дуудлагад гайхамшигтайгаар хариу барьж байгааг тал бүрт л гэрчлэн харж болох билээ. Тэнгэрлэг Төлөвлөгөөний хэрэгжиж буй явцын талаар тунгаан эргэцүүлж байгаа хэн ч болов, улс орноос улс оронд, кластераас кластерт, эмэгтэйчүүд ба эрэгтэйчүүд, хүүхэд багачууд ба залуучуудын зүрх сэтгэлд Бурханы Үгээс ундрах хүч чадал хэрхэн урган мандаж байгааг анзаарахгүй байхын аргагүй билээ.

3. Дэлхий дахиныг хамарсан нийгэмлэг өөрийг нь тойрон хүрээлсэн нийгмийнхээ бодит байдлыг унших, түүнд орших боломж бололцоонд дүн шинжилгээ хийх, Таван Жилийн Төлөвлөгөөний арга барил болоод арга хэрэгслүүдийг мэргэн ухаалгаар ашиглах чадвараа улам төгөлдөржүүлж байна. Бидний хүсэн хүлээж байсанчлан, суралцахуйн хязгаарыг ухамсартайгаар урагшлуулан тэлж байгаа тэдгээр кластеруудад туршлага хамгийн хурдтайгаар хуримтлагдаж байна. Эдгээр газруудад тооны хувьд байнга нэмэгдэх хүмүүст үйлчлэх чадавхаа улам хөгжүүлэхэд нь туслах арга замуудыг сайтар ойлгосон байгаа юм. Эрч хүчтэй сургалтын институт нь Төлөвлөгөөг урагшлуулан хэрэгжүүлэх нийгэмлэгийн хүчин чармайлтанд түшиг тулгуур нь болж байгаа агаад институтын сургалтанд оролцсоноор хөгжүүлсэн ур чадварыг аль болох түргэн хугацаанд үйл ажиллагааны талбарт дайчилж байна. Зарим анд нөхөд өдөр тутмынхаа холбоо харилцаагаараа оюун санааны сэдэвтэй асуудлаар эргэцүүлэн тунгаахад нээлттэй байгаа тийм хүмүүстэй янз бүрийн нөхцөл байдалд уулзаж учирч байна. Зарим нь аль нэгэн тосгон юмуу бичил хороололд байгаа хүн амын сургаалыг хүлээн авах хүсэл сонирхолд хариу барих боломжтой байгаа бөгөөд магадгүй ингэхийн тулд тухайн газар луу нүүн суурьшиж байна. Улам олон анд нөхөд ийнхүү үүрэг хариуцлагыг өөрсдийн нуруун дээрээ хүлээн авч байгаа бөгөөд улмаар дугуйлангийн сургагч нар, өсвөр үеийнхний бүлгийн удирдагч нар, хүүхдийн багш нарын эгнээ, мөн засаг захиргааны ажлыг гүйцэтгэж байгаа болон зохицуулах ажлыг хийж байгаа анд нөхөд, эсвэл тухайн нийгэмлэгт явагдаж байгаа ажлыг дэмжихийн төлөө хөдөлмөрлөж байгаа анд нөхдийн эгнээ улам зузааран тэлж байна. Анд нөхөд өөрсдийн хичээл зүтгэлд тууштай туйлбартай байж, мөн бусад анд нөхдийг үйлчлэн зүтгэх явцад нь дагалдан халамжлах хүсэл эрмэлзэл дүүрэн байгаагаас суралцахуйн үйл явцад тэд бие сэтгэлээ бүрэн зориулж байгаа нь илэрхий байна. Түүнчлэн тэд кластерт бүрэлдэн хөгжиж буй үйл ажиллагааны хэв загварыг дүрслэн тайлбарлах бие биеэ нөхөн гүйцээсэн хоёр төлөвийг баттайгаар харж чадаж байна. Үүнд нэг нь өсөлтийн хөтөлбөрийн хэмнэл цохилтыг илтгэсэн гурван сарын үйл ажиллагааны мөчлөгүүд, нөгөө нь: хүүхэд багачууд, өсвөр үеийнхэн, залуучууд ба насанд хүрэгсдэд зориулсан боловсролын үйл явцын онцгой үе шатууд юм. Энэхүү гурван үе шатыг хооронд нь холбож байгаа холбоо харилцааг тодорхой ойлгож байгаагийн сацуу анд нөхөд үе шат бүр нь өөрийн гэсэн онцлог динамиктай, өөрийн гэсэн шаардлага хэрэгцээтэй, өөрийн гэсэн үнэ цэнэ агуулсан болохыг сайн мэдэж байгаа юм. Энэ бүхнээс илүү чухал нь, тэд оюун санааны асар их хүчнүүдийн нөлөөллийг ухаарч байгаа бөгөөд тэдгээр хүчнүүдийн нөлөөлөл нь нийгэмлэгийн ахиц дэвшлийг харуулсан тоон баримт мэдээгээс ч төдийгүй нийгэмлэгийн ололт амжилтыг дүрсэлсэн төрөл бүрийн хүүрнэл түүхээс илэрхий байна. Хамгийн хол хөгжиж буй кластеруудыг онцолсон эдгээр тод томруун онцлог шинж чанаруудын нэлээд нь хөгжлийнхөө арай эрт үе шатандаа яваа нийгэмлэгүүдэд ч илрэн харагдаж байгаа нь ирээдүйн амлалт болж байна.

4. Анд нөхдийн туршлага гүнзгийрэхийн хэрээр зуу зуун, тэр ч бүү хэл мянга мянган хүмүүсийг хамарсан нийгэмлэгийн амьдралын баялаг бөгөөд нарийн цогцолбор хэв загварыг кластерт бүрэлдүүлэх тэдний чадавхи өсч байна. Сүсэгтнүүд өөрсдийн хүчин чармайлтаас арвин их ухаарал, туршлага шавхан олж авч байгааг тэмдэглэхдээ бид таатай байна. Жишээлбэл, кластерын төвшинд Төлөвлөгөө аажмаар хэрэгжин урагшлах нь динамик үйл явц бөгөөд тийм ч амар хялбаршуулах боломжгүй нарийн төвөгтэй үйл явц болох нь гарцаагүй гэдгийг тэд ойлгон ухаарч байна. Нэг талаас хүний нөөцийг өсгөн нэмэгдүүлэх, нөгөө талаас үйлчлэхээр зориглон боссон тэдгээр анд нөхдийн үйл ажиллагааг зохицуулан зохион байгуулах чадвараа нэмэгдүүлэхийн хэрээр энэхүү үйл явц хэрхэн урагш ахиж байгааг тэд харж байгаа юм. Эдгээр чадвар чадавхи бэхжин өсөхийн хэрээр өргөн хүрээний санаачлагуудыг багтаан оруулах боломжтой болж байгааг анд нөхөд ойлгон ухаарч байна. Үүний сацуу аливаа нэгэн шинэ элементийг танилцуулан нэвтрүүлэхэд тухайн элемент нь хэсэг хугацаанд онцгой анхаарал шаардах боловч энэ нь нийгэмлэгийн бүтээн босгох тэдний хүчин чармайлтын бусад бүрэлдэхүүн хэсгүүдийн ач холбогдлыг огтхон ч бууруулж байгаа хэрэг биш юм гэдгийг тэд ухаарах болсон байна. Учир нь, суралцахуй нь тэдний үйл ажиллагааны хэв маяг болох ёстой бол цаг хугацааны тухайн үе агшинд онцгой тохиромжтой болохоо харуулсан Төлөвлөгөөний аль нэгэн арга хэрэгсэлд агуулагдаж байгаа нөөц боломжийг ашиглах талаар соргог гярхай байж, шаардлага гарсан үед түүний хөгжилд бүр илүү их эрч хүч зориулах ёстой гэдгийг тэд ойлгож байна. Гэхдээ Төлөвлөгөөний нэг бүрэлдэхүүн элемент дээр хүн бүр адил эрч хүчээ зориулах шаардлагагүй гэдгийг ч тэд ойлгож байна. Анд нөхөд түүнчлэн өсөлтийн хөтөлбөрийн мөчлөг бүрт өргөжүүлэх үе шат нь яг адил зорилтон дээр төлөвлөрөх шаардлагагүй гэдгийг бас сурч авчээ. Жишээлбэл, тухайн нөхцөл байдлаас хамааран аль нэгэн мөчлөгт анд нөхдийн анхаарал голчлон хувийн ба хамтын хүчин чармайлтаар явуулж байгаа сургаалыг багшлах эрчимтэй ажлаар дамжуулан Шүтлэгийг хүлээн авахад хүмүүсийг урих дээр чиглэхийг шаардаж болно. Харин өөр нэгэн мөчлөгт гол эрч хүч тодорхой нэгэн цөм үйл ажиллагааг олшруулан нэмэгдүүлэхэд төвлөрч болох юм.

5. Үүнээс гадна Үйл хэргийн ажил янз бүрийн газар янз бүрийн хурдтайгаар явагддаг бөгөөд энэ нь жам ёсны асуудал юм, учир нь энэ бол эцсийн эцэст органик шинж чанартай үзэгдэл гэдгийг анд нөхөд ухаарч байгаа агаад ахиц хөгжил гарч байгаа тохиолдол бүрээс тэд урам зориг, баяр баясгалан олж авч байна. Үнэхээр ч бүх нийтийн хөгжил дэвшилд хүн бүрийн оруулж байгаа хувь нэмрээс хуримтлагдсан ач тусыг тэд таньж байгаа бөгөөд улмаар хувийн нөхцөл байдлаас нь урган гарсан боломж бололцооныхоо дагуу хийж байгаа хүн бүрийн үйлчилгээг бүх нийтээрээ уриалгахнаар хүлээн ач байгаа юм. Эргэцүүлэх уулзалтууд нь нийгэмлэгийн хүчин чармайлтыг бүхэлд нь эрмүүн бөгөөд сэтгэл бадраасан хэлэлцүүлгээр авч хэлэлцэх арга хэмжээ хэмээн ойлгох нь нэмэгдэж байна. Ийм уулзалтанд оролцож байгаа хүмүүс нийгэмлэгт гарсан ерөнхий ололт амжилттай танилцаж, улмаар өөрсдийнхөө хүч хөдөлмөрийг нийтийн гаргасан хөгжил дэвшлийн хүрээнд харж, институци байгууллагуудын зөвлөгөөг өөртөө тусган авснаар өсөлтийн үйл явцын тухай мэдлэгээ нэмэгдүүлж, бусад сүсэгтнүүдийнхээ туршлагаас суралцаж байна. Ийм туршлагыг тодорхой хүчин чармайлтанд оролцож байгаа, тухайлбал үйл ажиллагааны адил нэгэн чиглэлээр үйлчилж байгаа эсвэл кластерын аль нэгэн хэсэгт хамтран зүтгэж байгаа анд нөхдийн дунд явагдах зөвлөлдөөнийг хөхүүлэн дэмжихийн тулд үүсэн буй болж буй бусад олон орон зайнд ч бас хуваалцаж байна. Энэ бүх ойлголт ухаарал нь нэгэн өргөн хүрээний ухаарал дээр дулдуйдаж байна. Үүнд: алдаа дутагдлыг уужуу сэтгэлээр үл анзааран хардаг, саад тотгорыг тэвчээртэйгээр даван туулдаг, нэгэнт туршигдсан арга барилыг уриалгахнаар хүлээн авдаг тийм хайр бялхсан орчинд хөгжил дэвшил амархан гардаг гэсэн ухаарал юм. Ийм орчин бүрдсэнээр анд нөхдийн хүчин зүтгэл ганц нэгээрээ хичнээн даруухан байсан ч төвшин бүрт ажиллаж байгаа Шүтлэгийн институци агентлагуудын мэргэн удирдлагын дор Адистат Гоо жавхлангийн уриа дуудлагыг хүлээн авах хүн амын чадварыг түргэн таньж мэдрэн үр дүнтэйгээр түүнийг бойжуулан тэтгэхэд чиглэгдсэн хамтын хүчин чармайлт болон нэгдэн нийлж байгаа юм. Ийм нөхцөлд хүрсэн кластерт Төлөвлөгөөний гурван хөдөлгөгч хүч болох- хувь хүн, институци ба нийгэмлэгийн хоорондын харилцаа уялдаа бат суурьтайгаар хувьсан хөгжиж байгаа нь тодорхой юм.

6. Ийнхүү цэцэглэж байгаа үйл ажиллагааны зураглал дотроос нэгэн төлөвийг онцгой дурдваас зохино. Гурван жилийн өмнө та нарт хандаж бичсэн илгээлтэндээ бид эрчимтэй өсөлтийн хөтөлбөр хэрэгжиж байгаа кластеруудад анд нөхөд бичил хороолол болон тосгодод эрчимтэй үйл ажиллагааны төвүүдийг хөгжүүлэх замаар нийгэмлэгийг бүтээн босгох үйл явцын талаар суралцахыг чармайх болов уу хэмээсэн найдлагыг илэрхийлсэн билээ. Бидний найдаж байснаас хавьгүй их хөгжил гарчээ. Учир нь өсөлтийн хөтөлбөр эрчимтэй шатанд хүрээгүй байгаа газар ч цөөн хэдэн анд нөхдийн хичээл зүтгэлийн үрээр жижиг хэсэг газар оршин суугчдын дунд цөм үйл ажиллагаа санаачлан эхлүүлэх явдал үр өгөөжтэй болохоо дахин дахин харуулаад байна. Мөн чанартаа энэхүү арга барил нь Бахауллагийн Үүдэл нээлтээс ундран гарах оюун санааны хувьсал өөрчлөлтөд бэлэн байгаа хэсэг хүн амын Түүний сургаалд уриалгахан хариу өгч байгаа тэр сэтгэл дээр төвлөрч байгаа юм. Сургалтын институтаас хэрэгжүүлж буй боловсролын үйл явцад оролцох замаар тэдгээр хүмүүс нийгмийн хүчин зүйлсийн нөлөөллийн улмаас өөрсдөд нь төлөвшин тогтсон хөшүүн хөндий, үл тоомсорлох байдлыг таягдан хаяж, улмаар амьдралыг нь өөрчлөх тийм үйл ажиллагааны хэв загварыг дагах хүсэл сонирхол нь бадарч байгаа юм. Хотын аль нэгэн бичил хороололд юмуу хөдөөгийн тосгонд энэхүү арга барилыг хэдэн жилийн туршид хэрэгжүүлж, анд нөхөд эрч хүчээ төвлөрүүлсэн байдлаа тогтвортой хадгалсан тэр газар гайхалтай үр дүнгүүд аажмаар гэвч андуурахын аргагүй тодоор гарч ирж байна. Тухайлбал, залуучууд өөрсдөөсөө насаар бага өсвөр үеийнхэн ба хүүхдүүдийн хөгжлийн төлөө үүрэг хариуцлага угтан авахаар чадваржиж байна. Ахмад үеийнхэн нь бүхий л нийгэмлэгийн ажил хэргийн талаар утга учиртай хэлэлцүүлэгт залуусын хувь нэмрийг урамтайгаар хүлээн авч байна. Нийгэмлэгийн боловсролын үйл явцаар төлөвшиж байгаа сахилга батын ачаар хөгшин залуу ялгаагүй анд нөхөд зөвлөлдөх чадавхиа хөгжүүлж байгаа бөгөөд зорилготой хэлэлцүүлгийн шинэ шинэ орон зайнууд үүсэн бий болж байна. Гэсэн ч өөрчлөлт зөвхөн Бахайчууд болон Төлөвлөгөөний хүрээнд явагдаж байгаа цөм үйл ажиллагаанд оролцож, улмаар шинэ бодол сэтгэлгээг өөрсдөдөө аажмаар хөгжүүлж байгаа тэдгээр хүмүүсийн хүрээгээр хязгаарлагдаагүй ээ. Тухайн газар нутгийн сүлд хийморь нь энэ бүхний нөлөөнд сэргэж байгаа ажээ. Хүн амын нэлээд хэсгийн дунд сүсэг бишрэлийн үзэл санаа бүрэлдэн тархаж байна. Эрэгтэйчүүд ба эмэгтэйчүүдийн хоорондын тэгш ёсны илэрхийлэл улам товруун харагдаж эхэлж байна. Хөвгүүд охидууд ялгаагүй хүүхэд багачуудын боловсрол урд урдаас илүү анхаарал татаж байна. Олон зуун жилийн турш бүрэлдсэн үзэл баримтлал дээр суурилсан айл өрхүүдийн хоорондын харилцааны шинж чанар ч мэдэгдэхүйцээр өөрчлөгдөж байна. Өөрийн орчин тойронд байгаа хүн амын нийгэмлэг ба бодит хүрэлэн буй орчны сайн сайхан байдлын төлөө үүрэг хүлээх үзэл санаа улам түгээмэл болж эхэлж байна. Нийгэм бүрт хор хөнөөлтэй сүүдрээ тусгадаг атгаг сэжиг үзэл ч хүртэл эв нэгдлийн баттай хүчинд бууж өгч байна. Товчхондоо анд нөхдийн гар бие оролцож байгаа нийгэмлэгийг бүтээн босгох ажил хүн амын соёл заншилд нөлөөгөө үзүүлж байна.

7. Өргөжүүлэлт ба бэхжүүлэлтийн явц ийнхүү өнгөрсөн жилийн хугацаанд тогвортой урагшлан дэвшиж ирсний хажуугаар үйл ажиллагааны бусад талбарууд ч бас адил урагш хөгжсөн бөгөөд ингэхдээ өргөжүүлэлт бэхжүүлэлтийн ажилтай мөр зэрэгцэн хөгжих нь олонтаа байсан юм. Үүний нэгэн тод томруун жишээ нь хөдөө тосгод ба хотын бичил хороололд гэрчлэн харж болох соёлын төвшинд гарч байгаа хөгжил дэвшил нь нийгэмд чиглэсэн Бахайн үйл ажиллагааны талаар суралцаж байгаа тэр ажилтай багагүй холбоотой юм. Саяхан манай Нийгэм эдийн засгийн хөгжлийн Албанаас Бахайн Дэлхийн Төв дээр тус Алба байгуулагдсанаас хойших гучин жилийн хугацаанд тус үйл ажиллагааны талбар дээр хуримтлуулсан туршлагыг эмхтгэн шинжилсэн баримт бичиг гаргасан билээ. Түүнд хийсэн нэгэн ажиглалт бол нийгэмд чиглэсэн үйл ажиллагаанд оролцох хүчин чармайлтанд сургалтын институт амин чухал түлхэц үзүүлдэг гэсэн ажиглалт юм. Энэ нь зөвхөн хүний нөөц нэмэгдэхтэй холбоотой биш юм. Харин институтын үйл явцаас хөгжүүлж байгаа ухаарал ойлголт, зан чанар, ур чадвар нь өсөлтийн үйл явцад хувь нэмэр оруулахад амин чухал хэрэгцээтэй төдийгүй нийгэмд чиглэсэн үйл ажиллагаанд оролцоход ч эгзэгтэй үүрэг гүйцэтгэдэг болохоо нотлон харуулсан юм. Түүнээс гадна тус баримт бичигт Бахайн нийгэмлэгийн явуулж байгаа онцлог ялгаатай үйл ажиллагааны чиглэлүүд нь хэдийгээр янз бүрийн талбарт янз бүрээр илэрхийллээ олж байгаа ч гэсэн бие биеэ нөхөн гүйцээсэн уялдаатай холбоотой бүрэлдэхүүн элементүүдээс бүрдсэн, байнга хувьсан хөгжиж байгаа, нэгдмэл түгээмэл концепцийн хүрээн дээр суурилж байдаг хэмээн тайлбарласан юм. Бидний дурдсан уг баримт бичгийг саявтар бид Үндэсний Оюун Санааны бүх Чуулгуудтай хуваалцсан бөгөөд бид Чуулгуудад хандан түүнд толилуулсан концепцүүд нь өөрсдийнх нь ивээл дор одоо хийгдэж байгаа нийгэмд чиглэсэн хүчин чармайлтуудыг бэхжүүлэхэд, мөн Бахайн үйл ажиллагааны энэхүү чухал ач холбогдолтой салбарын тухай ухамсар ойлголтыг нэмэгдүүлэхэд хэрхэн тусалж болох талаар Зөвлөхүүдтэй хамтран хэлэлцэж харгалзан үзэхийг уриалж байна. Энэ нь гэхдээ энэ салбарт хийх үйл ажиллагааг өргөн далайцтайгаар нэмэгдүүл гэсэн ерөнхий уриа хэмээн ойлгож болохгүй юм. Учир нь нийгэмд чиглэсэн аливаа ажил нь тухайн нийгэмлэг улам өргөжин бэхжихийн хэрээр аажимдаа жам ёсоор урган гардаг. Гэсэн ч анд нөхөд нийгмийн хувьсал өөрчлөлтөнд тэдний хүчин зүтгэл ямар үр дагавартай болох талаар илүү гүн гүнзгий эргэцүүлэн тунгаах цаг иржээ. Энэ талбарт сургамж туршлага улам оволзон гарч байгаа нь Нийгэм эдийн засгийн хөгжлийн Албанд тавигдах шаардлагыг нэмэгдүүлж байгаа учир бид тус Албаны цаашдын зүй ёсны хувьсал хөгжлийг хангах алхмууд авч хэрэгжүүлэх болно.

8. Сүүлийн арван хоёр сарыг онцолсон нэгэн тусгайлан тэмдэглүүштэй шинж бол үзэл санаа нэгт хүмүүстэй хамтран нийгмийн сайн сайхан байдлыг бий болгохын төлөө Бахайн нийгэмлэгийн гаргаж буй хүчин чармайлтуудыг янз бүрийн хүрээнд дурдах тохиолдол ойр ойрхон учрах болсон явдал юм. Бахайчууд хүн төрөлхтний сайн сайхны төлөө гэсэн үзэл санааг зүрх сэтгэлдээ тээдэг болохыг төдийгүй мөн Бахайчууд үүний тулд юу хийх шаардлагатай, хүмүүсийн хүсэл эрмэлзлийг биелүүлэх ямар арга замууд байгааг сайтар ухаарсан болохыг мэддэгээ олон улсын талбараас авхуулан тосгоны амьдралын анхан шатны төвшин хүртэл бүхий л төвшинд тухайн нийгмийн тэргүүн сэтгэгч нар илэрхийлсэн байна. Ийнхүү таашаан хүндэтгэх, дэмжих сэтгэлийн илэрхийлэл түүнчлэн урд өмнө нь төсөөлж байгаагүй тийм газруудаас ч дуулдаж байлаа. Жишээлбэл, тэр ч бүр хэл Шүтлэгийн Өлгий нутагт ч хэдийгээр дарангуйлагчийн зүгээс замд нь өчнөөн төчнөөн хүнд хэцүү саад тотгор учруулавч Бахайчуудын хэлж ярьж байгаа зүйлс улс үндэстнийх нь хувь заяандямар гүн гүнзгий ур дагавартай болохыг хүмүүс хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах гэсэн гандан бууршгүй шийдэмгий зоригоор дүүрэн байгаад нь Бахайчуудыг тэд хүндэтгэн үзэж байна.

9. Хамгийн сүүлийн үеийн хяхалт хавчилтын давалгаа эхэлснээс хойших сүүлийн хэдэн арван жил Иран дахь үнэнч сүсэгтнүүдийн амссан зовлон зүдгүүр нь бусад оронд байгаа ах эгч дүүст тэднийг хамгаалан өмгөөлөх ажлаа улам эрчимжүүлэхэд нь түлхэц үзүүлсэн байна. Энэхүү хатуу тэвчээрийн үр нөлөөгөөр дэлхий дахины Бахайн нийгэмлэгт бий болсон үнэлж баршгүй буян хишгийн нэг нь засгийн газрууд болон иргэний нийгмийн байгууллагуудтай харилцаа холбоогоо системтэйгээр хөгжүүлэх чадвартай болохоо харуулсан үндэсний төвшний тусгайлсан агентлагуудын гайхалтай сүлжээ бий болсон явдал юм. Үүнтэй зэрэгцэн ээлж дараалсан Төлөвлөгөөнүүдийн үйл явцууд нь хувь хүмүүс хоорондын дотны харилцан ярианаас авхуулан олон улсын хэлэлцүүлэг форум хүртэл янз бүрийн орон зайд явагдаж байгаа нийтлэг дискурст оролцох нийгэмлэгийн чадварыг улам төгөлдөржүүлсэн юм. Нийгэмд чиглэсэн үйл ажиллагаа нь хэрхэн тогтвортой хөгжиж ирсний адилаар анхан шатанд иймэрхүү дискурст оролцох явдал аажмаар аяндаа урган гарч хөгждөг байна. Тиймээс олон нийтийн дискурст оролцох чадварыг улам эрчимжүүлэх гэж тусгай оролдлого хийх шаардлагагүй юм. Гэхдээ үндэсний хэмжээнд аль хэдийн хэдэн арван үндэсний нийгэмлэгт ажиллаж байгаа энэ талбарт өөрсдийгөө зориулсан агентлагуудын хувьд энэ нь эрч хүч анхаарлынх нь төвд байгаа агаад энэ ажил нь үйл ажиллагаа- эргэцүүлэл- зөвлөлдөөн- судалгаа гэсэн танил болсон үр өгөөжтэй хэв загвараар улам цаашаагаа өрнөн хөгжиж байна. Эдгээр хүчин чармайлтад улам хүч нэмэхийн тулд, энэ салбар дахь сургамж туршлагыг хуримтлуулан цэгцлэхийн тулд, Бахайн нийгэмлэгийн бусад хүчин чармайлтуудтай уялдуулан тодорхой алхмуудыг авч хэрэгжүүлэх явдлыг баталгаажуулахын тулд бид саяхан Бахайн Дэлхийн Төвд Олон нийтийн дискурсын Албыг байгуулсан юм. Тус Албанд бид уг үйл ажиллагааг аажмаар хөхүүлэн дэмжин зохицуулж, туршлагыг системчлэх замаар энэ талбарт ажиллахад Үндэсний Оюун Санааны Чуулгуудад туслалцаа үзүүлэхийг уриалах болно.

10. Бусад талбаруудад ч адил урамтай хөгжил дэвшил гарч байна. Өмнөд Америкийн Мөргөлийн эх Ордон сүндэрлэн босч байгаа Чили улсын Сантиаго хотод барилгын ажил түргэн урагшилж байна. Мөргөлийн Ордоны бетонон суурь, доод хонгил, инженерийн хонгил болон барилгын бүтцийг тулах багануудыг барих ажил гүйцэт дууссан байна. Энэхүү төслийг гүйцээх талаар сэтгэл хөдлөх явдал улам нэмэгдэж байгаа бөгөөд үүний адилаар үндэсний ба орон нутгийн Машрикул- Аскар баригдах долоон оронд ч адил бас анд нөхдийн сэтгэл хөөрч байна. Тус орон бүрт бэлтгэл ажил аль хэдийн эхэлсэн бөгөөд Мөргөлийн Ордоны Санд анд нөхдийн өргөж байгаа хандив зарцуулагдаад эхэлсэн байгаа билээ. Гэхдээ Мөргөлийн Ордоны байршил, дизайн, шаардагдах нөөц зэрэг практик асуудлууд нь анд нөхдийн авч хэрэгжүүлж байгаа бэлтгэл ажлын зөвхөн нэг хэсэг нь л юм. Үндсэндээ энэхүү ажил нь оюун санааны шинж чанартай хүчин чармайлт бөгөөд үүнд бүхий л нийгэмлэгээрээ оролцох учиртай билээ. Хайрт Багш Машрикул Аскарын талаар хэлэхдээ энэ нь “тэнгэрлэг адис баталгааг татах соронзон”, “Эзэн тэнгэрийн хүчирхэг суурь”, “Бурханы Шүтлэгийг тулсан бат хатуу багана” хэмээн тодорхойлсон билээ. Барьж байгуулагдсан газар бүр тус Ордон нь түүнийг тойрон хүрээлсэн хүн амын дунд нийгэмлэгийг бүтээн босгох үйл явцын салшгүй нэгэн хэсэг болох юм. Мөргөлийн Ордон сүндэрлэх ёстой тэдгээр газруудад сүсэгтэн анд нөхдийн дунд энэхүү бодит байдлыг ойлгон ухаарах явдал нэгэнт гүнзгийрч эхэлсэн байгаа бөгөөд Машрикул Аскарын бэлэгдсэн сүсэг бишрэл ба үйлчлэхүй хоёрын хоорондын нэгдлийг тэдний хамтын амьдрал ч гэсэн улам илүүтэйгээр тусган харуулах ёстой гэдгийг анд нөхөд гүнээ ухамсарлаж байна.

11. Талбар бүрт тиймээс Бахайн нийгэмлэг урагшаагаа тогтвортой дэвшиж байгаа агаад ойлголт нь нэмэгдэж, туршлагаасаа суралцаж сургамж олж авах эрмэлзэл нь бадарч, нөөц бий болонгуут шинэ шинэ үүрэг даалгаврыг угтан авч, шинээр гарсан үүрэг даалгаврыг биелүүлэхдээ уян хатан ба овсгоотой байж, өөрийн оролцож байгаа үйл ажиллагааны янз бүрийн салбаруудын хоорондын уялдаа зохицолдоог хангах шаардлагыг ухамсарлаж, өөрт нь ногдсон ариун үүргээ биелүүлэхэд бүрмөсөн өөрийгөө зориулсан байгааг нь бид ажиглан харж байна. Хоёрхон сарын өмнө би дэлхий даяар залуучуудын 95 чуулга уулзалт хуран чуулуулах талаар зарласан тэр дор ямар гайхалтай их эрч хүч бадарснаас бид нийгэмлэгийн урам зориг, үнэнч сэтгэлийг илэрхий харж байна. Энэхүү дуудлагад залуучууд өөрсдөө хэрхэн урамтайгаар хариу өгч байгааг хараад бид баярлаад зогсохгүй мөн Бахауллагийн залуу дагалдагч нар Үйл хэргийн бүхий л бие организмд амин чухал түлхэц үзүүлдэг талаар ойлгож ухаарсан тэдний сүсэг нэгт анд нөхдийн үзүүлж байгаа дэмжлэгийг харан бид туйлын их баяртай байна.

12. Бахауллагийн илгээлт түгэн дэлгэрч, түүний үр нөлөө цар хүрээгээ тэлж, түүнд агуулаастай эрхэм дээд үзэл санааг улам өргөн хүрээнд танин мэдэх болсны удаа дараалсан гэрчлэл нотолгоог ийнхүү харан бид итгэл найдвараар дүүрэн байна. Ойн баярын энэ өдрүүдэд бид энэхүү Ризванаас нэг зуун жил хагасын өмнө Бахаулла Өөрийн Ариун Үйл хэргийг дагалдагч нартаа Нажибий Цэцэрлэгт анх зарлан тунхагласан тэрхүү “дээдийн баяр цэнгэлийн Өдөр”-ийг санан дурсаж байна. Тэрхүү ариун дагшин газраас Бурханы Үг ундарч хот болгон ба эрэг бүрт хүрсэн бөгөөд хүн төрөлхнийг Эзэн тэнгэртэй уулзан учрахыг уриалан дуудсан билээ. Мөн Бурханы хайрандаа согтсон тэдгээр анхны бараа бологчдоос эдүгээ Түүний засч тордсон цэцэрлэг дэх өнгө өнгө алгалсан цэцэгс болсон зүсэн бүрийн хүмүүсээс бүрдсэн, эрхэм зорилго өвөртөлсөн нийгэмлэг цэцэглэн дэлгэрсэн билээ. Өдөр өнгөрөх тутам цоо шинээр сэрж, Түүний Бунхан руу залбиран мөргөх болсон хүмүүсийн тоо улам улам өсч байна. Бид ч гэсэн тэрхүү Бунхан руу хандан тэртээ адистат Өдөрийг дурсан хүндэтгэж Агуу их Алдарын нийгэмлэгт хайрласан буян хишиг бүрийнх нь төлөө талархал илэрхийлэн тэргүүнээ бөхийлгөн бид Ариун Босгонд мөргөн залбирч байна.

 

Windows / Mac